Дементиа буюу Тэнэгрэлийн тухай
Тэнэгрэл гэж юу вэ?
Дементиа буюу тэнэгрэл нь ганц өвчин биш юм. Энэ нь Альцхаймерын өвчин гэх мэт янз бүрийн өвчний үед хүмүүст тохиолдож болох шинж тэмдгүүдийг нийтэд нь тайлбарладаг ерөнхий нэр томъёо юм. “Дементиа” гэсэн ерөнхий нэр томъёонд хамаарах өвчнүүд нь тархины хэвийн бус өөрчлөлтөөс үүдэлтэй байдаг. Тэнэгрэлийн шинж тэмдгүүд нь танин мэдэхүйн чадвар буюу сэтгэн бодох чадвар алдалт бөгөөд өдөр тутмын амьдрал, бие даасан үйл ажиллагаануудад нөлөөлдөг. Тэнэгрэл нь мөн зан байдал, мэдрэмж, харилцаанд нөлөөлнө.
Танин мэдэхүйн чадвар буурах, оюун ухааны хомсдолын шинж тэмдэг:
Ой санамж алдагдах эсвэл бусад танин мэдэхүйн чадвар алдагдах эхний үе шатыг дунд зэргийн танин мэдэхүйн сулрал (MCI) гэж нэрлэдэг. Тэнэгрэл рүү шилжиж болох MCI-ийн шинж тэмдгүүд өөр өөр байж болно. Жишээ нь дараах асуудлууд үүснэ:
- Богино хугацааны ой санамж алдах
- Түрийвч, утас эсвэл ойр зуурын зүйлсээ олоход хэцүү байх
- Төлбөр төлөх зэрэг шаардлагатай зүйлсээ мартах
- Хоол бэлтгэх, хийхэд хүндрэлтэй болох
- Төлөвлөсөн ажил, уулзалтаа мартах
- Гэрийн ойр орчмоос өөр газраар явахад хүндрэл үүсэх
Тэнэгрэлийн шинж тэмдгүүд нь өөрчлөгдөж байдаг бөгөөд энэ нь танин мэдэхүйн чадвар алдагдлын шинж тэмдгүүд аажмаар эхэлж улам дорддог бөгөөд яваандаа оюун ухааны хомсдолд хүргэдэг. Хэрэв танд эсвэл таны эргэн тойрны хэн нэгэнд ой санамжтай холбоотой бэрхшээл эсвэл сэтгэн бодох чадварын бусад өөрчлөлт илэрвэл тэдгээрийг анхааралгүй өнгөрч болохгүй. Шалтгааныг тодорхойлохын тулд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн үнэлгээ хийлгэснээр эмчлэх боломжтой эмгэгийг эрт илрүүлж болно. Шинж тэмдгүүд нь оюуны хомсдолтой байгааг илтгэж байсан ч эрт оношлосноор хүн тохирох эмчилгээнээсээ илүү үр дүн хүртэх боломжтой болно.
Шалтгаан, нөхцөл:
Тэнэгрэл нь тархины эсийг гэмтээдэг янз бүрийн өвчний улмаас үүсч болно. Энэ гэмтэл нь тархины эсүүд хоорондын дамжуулах чадварыг бууруулдаг. Тархины эсүүд хэвийн харилцах боломжгүй бол сэтгэхүй, зан байдал, мэдрэмжид өөрчлөлт гарж эхэлнэ.
Тархи нь өөр өөр үйл ажиллагааг (жишээ нь: санах ой, шүүн тунгаах, хөдөлгөөн) хариуцдаг олон өөр хэсгээс бүрддэг. Тодорхой хэсгийн эсүүд гэмтсэн тохиолдолд тархины тухайн хэсэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ.
Янз бүрийн төрлийн оюуны хомсдол нь тархины тодорхой хэсэг дэх тархины эсийн гэмтэлтэй холбоотой байдаг. Жишээлбэл, Альцхаймерын өвчний үед тархины эсийн дотор болон гадна байх тодорхой уургийн хэмжээ ихссэнээр тархины эс эрүүл байх, бие биетэйгээ харилцахад хүндрэл учруулдаг. Гиппокамп гэж нэрлэгддэг тархины хэсэг нь тархины сурах, санах ойн төв бөгөөд энэ хэсгийн тархины эсүүд ихэвчлэн хамгийн түрүүнд гэмтдэг. Тийм ч учраас ихэнх тохиолдолд ой санамж муудах нь Альцхаймерын хамгийн анхны шинж тэмдгүүдийн нэг юм.
Тэнэгрэлийг үүсгэдэг тархины ихэнх өөрчлөлтүүд байнгын шинж чанартай бөгөөд цаг хугацааны явцад улам дорддог боловч дараах нөхцлүүдээс үүдэлтэй сэтгэн бодох, санах ойн асуудал нь нөхцөлдүүлэгч нь арилахад эргэн сайжирдаг.
- Сэтгэл гутрал
- Эмийн гаж нөлөө
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
- Бамбай булчирхайн асуудал
- Амин дэмийн дутагдал
- Альцхаймерын өвчин
- Нийгмийн харилцаанд орохгүй байх
Оношилгоо:
Хүнд оюун ухааны хомсдол үүссэн эсэхийг тодорхойлох ганц шинжилгээ байдаггүй. Эмч нар Альцхаймерын болон бусад төрлийн тэнэгрэлийг өвчний түүх, биеийн үзлэг, лабораторийн шинжилгээ, сэтгэн бодох чадвар, өдөр тутмын үйл ажиллагаа, зан үйлийн онцлог шинж чанарт үндэслэн оношилдог. Зарим тохиолдолд эмч “тэнэгрэл” гэж оношлосон ч төрлийг нь заагаагүй байж болно. Энэ тохиолдолд мэдрэлийн эмч, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, ахмад настны эмчид хандах шаардлагатай.
Ахмад настны хам шинжийг илрүүлэх ICOPE үнэлгээний асуумжид танин мэдэхүйн чадвар бууралтыг дараах байдлаар үнэлдэг:
- Гурван үг тогтоолгох: Адуу, дөрвөлжин, жүрж (эдгээр үсгийг тогтоолгож 2 дугаар дахь асуултуудыг асуусны дараа 3 үгийг эргэн асууж шалгана)
- Цаг хугацаа, орон зайн баримжаа шалгасан асуултууд: өнөөдөр хэдэн сарын хэдний өдөр вэ? Та яг одоо хаана байна вэ? (гэртээ, эмнэлэгт гэх мэт)
- Гурван үг санах чадвар: тогтоолгосон гурван үгийг эргэн асууж санаж байгаа эсэхийг шалгах
Хариулт:
- Харуилж чадахгүй эсвэл буруу хариулах
- Гурван үгээ эргүүлэн санаж чадахгүй байх тохиолдолд ахмад настны эмчид хандан лавшруулан оношлох алгоритмын дагуу илрүүлж, настанд өөрт нь тохирсон зөвлөгөө авах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
Нас, удамшил гэх мэт зарим эрсдэлт хүчин зүйлсийг өөрчлөх боломжгүй. Гэвч судлаачид бусад эрсдэлт хүчин зүйлсийн тархинд үзүүлэх нөлөөлөл, тэнэгрэлээс урьдчилан сэргийлэх талаар судалсаар байна.
2019 оны Альцхаймерын нийгэмлэгийн олон улсын бага хуралд танилцуулагдсан судалгаагаар эрүүл амьдралын хэв маягийн олон аргууд тухайлбал:
- Эрүүл хооллолт
- Хорт зуршилгүй байх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Танин мэдэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тоглоом тоглох, ном унших
- Стрессээс сэргийлэх, стрессээ зөв тайлах
- Нойргүүдлээ эмчлүүлэх
- Иог, бясалгал хийх
- Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох зэрэг нь танин мэдэхүйн бууралт, тэнэгрэлд өртөх эрсдлийг бууруулж болохыг баталсан байдаг.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09