“Өндөр настны төв”-ийн үүсэл хөгжил
Эрүүлийг Хамгаалах Яамнаас 1966 оноос эхлэн настны чиглэлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд анх санаачлан Румын Улсын Пархоны нэрэмжит Геронтологийн институтад Ц.Гончигсүрэн эмчийг анхны гериатр эмчийн мэргэжлийг эзэмшүүлж ирсэн түүхтэй. Шинжлэх Ухааны Академийн захирал Б.Ширэндэв, Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан нар Геронтологийн институтын профессор Пархонтой уулзаж, геронтологийн чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэх талаар анхны гадаад хэлэлцээр хийсэн байна.
Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийн эмч н.Жанчив 1973 онд Украйны Геронтологийн институтад сурч, 2 дах гериатр эмч бэлтгэгдсэн байна. Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, Эрүүлийг хамгаалах газрын даргын 1977 оны 01 дүгээр сарын 15-ны 60 тоот тушаалаар Монгол улсад ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх “Өндөр настны кабинет”-ыг Улаанбаатар хотын нэгдсэн III эмнэлгийг түшиглэн байгуулж их эмч Ц.Гончигсүрэн, бага эмч Л.Халтар нар ажиллаж эхэлсэн.
1977-1983 онд одоогийн Залуучууд рестораны (тухайн үеийн Идэр ресторан ) баруун талд орон сууцны 1,2 давхарын 6 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж, өндөр настны төв болгож өргөжүүлсэн.
Өндөр настны төвийн анхны хамт олон |
1983-1987 онуудад өндөр настны төв нь өндөр настны амбулатор болон /мэдрэл, дотор, нөхөн сэргээх эмчилгээний эмч, чих хамар хоолойн эмч, рентген/ өргөжиж, ерөнхий эмчээр Д.Чүлтэм ажиллаж байв.
1987-1992 онуудад өндөр настны амбулатори нь Нөхөн сэргээх төв болж, ерөнхий эмчээр Ч.Галсандорж , Ё.Адъяа нар ажиллаж байсан.
Нөхөн сэргээх өндөр настны төвийн хамт олон урд эгнээний баруун гар талаас хоёр дахь нь ерөнхий эмч Ё.Адъяа , 1992 он. |
Ахмадын эмнэлэг
1988 оны 12 дугаар сарын 20-ны Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, Эрүүлийг Хамгаалах Газрын даргын “Ахмадын эмнэлэг үйлчилгээний ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тушаалаар районуудын поликлиникт ахмадын кабинетыг ажиллуулах журмыг баталснаар тухайн үеийн Сүхбаатар, Октябрийн районд 2 их эмч, 2 сувилагчтай Ажилчин, Найрамдлын районд тус бүр 1 их эмч, 1 сувилагчтай кабинетыг байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн. Эдгээр нь дүүргийн шатлалд ажиллаж эхэлсэн анхны кабинет байсан.
Эрүүл мэндийн сайдын 1995 оны 01 сарын 26-ны А/09 тоот тушаалаар өндөр настны нөхөн сэргээх эмнэлгийг нөхөн сэргээх төв болгон зөвхөн ахмадуудад бус нөхөн сэргээх тусламжийг хүн амд үзүүлэх төв болгон өөрчилжээ. Энэ үеэс ахмадуудад чиглэсэн үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн бие даасан байдал алдагдаж эхэлсэн.
Эрүүл Мэндийн Сайдын 1995 оны 10 сарын 03-ны өдрийн А/132, А/209 дугаар тушаалаар нөхөн сэргээх төвийг гэмтэл согог клиникийн эмнэлэгтэй нэгтгэн Гэмтэл согог сэргээн засалтын төв болгон зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх үүрэгтэй болгосон.
1995-1998 онуудад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тасарч, улсын хэмжээнд Гэмтэл Согог Сэргээн Засалтын Төв болж өөрчлөгдөн, настанд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байхгүй болсон.
Геронтологи сэргээн засалтын төв
1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит клиникийн III нэгдсэн эмнэлгийн даргын 87 дугаар тушаалаар Улсын хэмжээнд ахмад настны асуудлаар сургалт, судалгаа явуулж, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий “Геронтологи сэргээн засалтын төв”-ийг 1999 оны 6 сараас эхлэн ажиллуулах тушаал гарч 3 их эмч, 1 сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж тухайн үед төвийн эрхлэгчээр Я.Цэнд, ахмадын кабинетын эмчээр Н.Оюунцэцэг, уламжлалт эмчилгээний кабинетийн эмчээр Д.Наранцэцэг, тарианы сувилагчаар А.Эрдэнэцэцэг нар томилогдон ажиллаж байжээ.
Геронтологи сэргээн засалтын төвийн анхны эмч, сувилагч нар |
Эрүүлийг Хамгаалах Сайдын 1999 оны 312 дугаар тушаалаар аймгуудад анх удаа ахмадын кабинет байгуулагдан ажиллаж, ахмад настанд урт наслах арга замыг зааж сургах, өвчлөлөөс сэргийлэх анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн ажлуудыг явуулж эхэлсэн.
2003 оноос “Геронтологи сэргээн засалтын төв”-ийн эрхлэгчээр Р.Оюунханд ажиллаж, ахмад настны эрүүл мэнд өвчлөлийн байдлаар судалгаа, сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн байна.
Ахмадын эмч нарын баг
2003 оноос “Геронтологи сэргээн засалтын төв”-ийн удирдлаган дор дүүргүүдийн “Ахмадын эмч нарын баг” ажиллаж, анх Баянзүрх дүүрэгт С.Дуламсүрэн, Я.Баяржавхлан, Баянгол дүүрэгт н.Ноф, Т.Дулмаа, Сонгинохайрхан дүүрэгт Л.Чимэгсүрэн, Т.Янжмаа, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн III амбулаторийн ахмадын эмнэлгийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэчимэг, Чингэлтэй дүүрэгт Д.Хандаа, Сүхбаатар дүүрэгт ахмадын эмч Н.Норжмаа, С.Дашжаргал, Хан- Уул дүүрэгт Д.Балжинням, Б.Долгормаа, Налайх дүүрэгт У.Нарантуяа, Багануур дүүрэгт Д.Цэгмид нар тус тус ахмадын эмчээр ажиллаж байв. Мөн Архангай аймгийн Б.Уранчимэг, Баянхонгор аймгийн Г.Наранцэцэг, Говьсүмбэр аймгийн Ж.Шархүү, Говь-Алтай аймгийн Б.Энхтуяа, Дорноговь аймгийн Д.Дангаа, Дорнод аймгийн М.Энхтуяа, Төв аймгийн Монгол Улсын гавьяат эмч Б.Алтангэрэл, Л.Бужгар, Булган аймгийн Г.Оюун, Монгол Улсын гавьяат эмч Хишигсүрэн, Сүхбаатар аймгийн Т.Давааням, С.Лутсүх, Сэлэнгэ аймгийн С.Нансалмаа, М.Дуламсүрэн, Баян-Өлгий аймгийн Б.Оюун, Ховд аймгийн С.Цэвээнсүрэн, н.Цэрэнханд, Завхан аймгийн Л.Норжинжав, Өвөрхангай аймгийн Д.Намжилмаа, Өмнөговь аймгийн С.Тэрбиш, Хэнтий аймгийн Д.Насанжаргал, Орхон аймгийн Д.Гүнчин, Дундговь аймгийн Л.Бямбаа, Увс аймгийн Б.Булган, Я.Дэлгэрмаа, Хөвсгөл аймгийн Л.Оюунцэцэг нар ахмадын эмчээр ажиллаж байжээ.
“Настны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдэвт уулзалт семинарт оролцогчид. 2001он |
Ахмадын эмч нарын баг нь 2003 оноос өрхийн эмнэлэг, ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулах, идэвхтэй дасгал хөдөлгөөн зааж сургах ажлуудыг хийж эхэлсэн.
Дүүргийн “Ахмадын эмч нарын баг” 2003-2005 он. |
Олон улсын насжилтын институтаас зохион байгуулсан Гериатр эмчийн сургалтанд суралцаж эхэлснээр шинэ үеийн Геронтологийн чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа эхэлсэн. 2005 онд Гериатр эмч сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулан ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институт зохион байгуулж Баянгол дүүргийн ахмадын эмч Т.Дулмаа, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн III амбулаторийн ахмадын эмнэлгийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэчимэг нарыг “Өтлөхүйн эмч”-ээр, Өвөрхангай, Дорнод, Ховд аймгаас 3 сувилагчийг “Өтлөхүйн сувилагч”-аар бэлтгэсэн нь өөрийн орондоо бэлтгэгдсэн анхны настны эрүүл мэндийн чиглэлээр бэлтгэгдсэн эмч, сувилагч нар байлаа.
2005-2006 онд “Геронтологи сэргээн засалтын төв”-ийн эрхлэгч Р.Оюунханд Сингапурын улсын Нэгдсэн эмнэлгийн төгсөлтийн дараах институтэд анхны клиник геронтологчоор бэлтгэгдэж ирсэн нь манай улсад бэлтгэгдсэн анхны геронтологич болсон юм.
2007 онд төвийн дарга Р.Оюунхандын үүсгэл санаачилгаар ахмадын эмч, мэргэжилтний гишүүнчлэлээс бүрдсэн “Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсан байна.
Эрүүл мэндийн сайдын 2007 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ахмад настны асуудлаар авах зарим арга хэмжээний тухай” 311 дугаар тушаалаар ахмадын кабинетыг аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн төвд бүтэц, орон тооны хүрээнд байгуулан ажиллах, настны кабинетын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг баталсан.
Геронтологийн үндэсний төв
2003-2004 онуудад Геронтологи сэргээн засалтын төв болон гериатр эмч нар настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байсан боловч, улсын хэмжээнд нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахдаа мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлага дутмаг байгаа нь бие даасан төвийг бий болгох үндэслэл болж байсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 209 тоот тогтоолоор монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээг ахмад настанд үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалт, судалгаа явуулах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн төвийг байгуулсан.
Эрүүл Мэндийн Сайдын 2005 оны 11-р сарын 11-ний өдрийн 279 дугаар тушаалыг үндэслэн Геронтологийн төвийн даргын 2005 оны 11-р сарын 11-ний 01 дугаар тушаалаар “Геронтологийн төвийн үйл ажиллагааны стратеги, бүтэц“-ийг баталж, нийт 18 орон тоотойгоор ажиллаж эхэлжээ. 2005 онд төвийн анхны бэлгэ тэмдгийн эх загвар, хөдөлмөрийн дотоод журмыг баталжээ. Төвийн үйл ажиллагаа нь зөвхөн сургалт судалгааны чиглэлээр явагдаж байсныг эрүүл мэндийн тусламжийн чиглэл рүү өөрчлөн зохион байгуулах үйл ажиллагаа эхэлжээ.
Геронтологийн төв нь үйл ажиллагааныхаа стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд, сургалтын нэгж, судалгааны нэгж, / мэдээлэл сурталчилгаа, санхүү аж ахуй/ сэргээн засах тусламж үйлчилгээний нэгж гэсэн 3 үндсэн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2005 онд Геронтологийн үндэсний төвийг (Геронтологийн төв) геронтологийн салбарын орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн, настанд шаардлагатай тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх үндэсний хэмжээний төв болгон бие даасан статустайгаар байгуулснаар Геронтологийн салбар монгол улсад хөгжих эхлэл болсон.
2012 онд Засгийн газрын 231 тоот тогтоолоор Геронтологийн үндэсний төв болж үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан ЭМС-ын 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 226 тоот тушаалаар төвийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц орон тоог баталсан. Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал (геронтологи), настны эмгэг судлал (гериатр) мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
Геронтологийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар 2006-2013 онуудад Р.Оюунханд, 2015-2016 оны 4 сар хүртэл М.Нямсүрэн, 2016 оны 4 сараас 12 сар хүртэл Б.Баярт, 2016 оны 12 сараас Р.Хишигжаргал нар тус тус ажиллаж байна.
Геронтологийн үндэсний төв нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Эрдэм шинжилгээ сургалтын алба, Стратеги төлөвлөлтийн алба, Чанар хяналт үнэлгээ дотоод аудитын алба гэсэн 4 үндсэн алба бүхий нийт 52 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Төв нь 2005 оноос одоог хүртэл Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба 1956 онд ашиглалтанд орсон /хуучин сүрьеэгийн диспансер байсан/ байрны 513 м2 бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор настны төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа төвийн шинэ барилгыг 2020 онд ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн.
Төв нь Геронтологийн салбарын орчин үеийн чиг хандалгад нийцүүлэн настанд шаардлагатай тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үндэсний хэмжээний бие даасан статустай болсноор өнөөг хүртэлх түүхийн хугацаанд настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үндэсний хэмжээнд настан судлал, настны сувилахуй чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх Үндэсний лавлагаа төв болтлоо өргөжсөөр ирлээ.
Геронтологийн үндэсний төв нь настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрийн буюу олон нийтэд суурилсан тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, урт хугацааны тусламж зэрэг үр дүнтэй холбосон цогц эрүүл мэндийн үр ашигтай үйлчилгээг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.