АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “АХМАДЫН ЭРХИЙГ ДЭЭДЛЭЕ” ӨДӨРЛӨГИЙН МЭДЭЭЛЭЛ
Ахмад настны тухай хуульд заасны дагуу ахмадыг дэмжих ажлын хүрээнд 2013 оноос эхлэн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн ахмадын хороотой хамтран Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 9-р сарын 19-ны өдөр шугаман бүжгийн тэмцээн, явган алхалтын өдөрлөгөөр нээлээ.
2024 онд НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахмад настны оршин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” уриаг дэвшүүлж ахмад настнуудын дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний эрхийг хамгаалах хүндэтгэх ажлыг нийгэмд таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна. Иймд “Ахмад настны оршин ахуйн сайн сайхныг бэхжүүлэх нь” уриан дор зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Геронтологийн үндэсний төвийн дарга Р.Хишигжаргал үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн 2021-2030 он хүртэлх “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол улсын хүн ам 2025-2030 оноос эхлэн “насжих” хандлагад шилжиж нийт хүн амын дунд эзлэх 60 ба түүнээс дээш настай хүмүүс одоогийнхоос 2 дахин өсөж, улмаар 2050 он гэхэд 25 хувьд хүрэх хандлагатай байгааг тусгасныг дурдан, настны эрүүл мэндэд онцгой анхаарч, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах орчин, нөхцөлийг хангах мэдлэг, хадлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Ахмадын эрүүлмэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах замаар эрүүл насжилтыг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх чиглэлээр сарын ажлыг зохион байгуулах зорилт тавин ажиллаж буйг мэдээлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Нийслэлийн Ахмадын хорооны дэд дарга О.Найдансод, “Зөв хандлага –Эрхэм андууд клуб”-ын бэлтгэл хурандаа Б.Батбаатар, Монголын шугаман бүжгийн холбооны тэргүүн С.Бүжмаа нар үг хэлж, алхалт, бүжгийн эрүүл мэндийн ач тусын талаар мэдээлэл өгч, “Алхалтаар эрүүлжин-Бүжгээр залуужья” уриалгыг дэвшүүллээ.
Өдөрлөгт Баянзүрх, Баянгол, Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн ахмадын төлөөлөл, явган алхалтын “Зөв хандлага Эрхэм андууд клуб”-ийн гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа С.Эрдэнэтөгс, бэлтгэл хурандаа Б.Батбаатар, уг клубын гишүүд, Монголын шугаман бүжгийн холбооны гишүүд, бүжгийн багш нар, Геронтологийн үндэсний төвийн эмч, ажилчид 350 гаруй иргэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр шугаман бүжгийн тэмцээн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алхалтын замаар хамтдаа алхалт хийж, эрүүл насжилтыг хөдөлгөөнөөр дэмжих сурталчилгаа урлагийн тоглолт боллоо.
Явган алхалтыг “Зөв хандлага –Эрхэм андууд клуб”-ын гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа С.Эрдэнэтөгс удирдан явуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тойрог замаар дүүргүүдийн ахмадын төлөөлөл баг багаараа хамтдаа алхалт хийж, эрүүл мэндийн ач тусыг хэрхэн мэдрэх мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Тэмцээний эхэнд Монголын шугаман бүжгийн холбооны багш нар бүжгийн урлаг эрүүл мэндийг дэмжих, бүжгийн үзүүлбэр хийж үзүүллээ.
Шугаман бүжгийн тэмцээнд Налайх дүүргээс “Цоглог”, Хан-Уул “Гэрэлт Замнал”, Баянгол дүүргээс “ЭЭС”, Чингэлтэй дүүргээс “Шигтгээ”, Сүхбаатар дүүргээс “Талст”, Сонгинохайрхан дүүргээс “Золбоо” багууд өрсөлдөж, Хан-Уул дүүргийн “Гэрэлт замнал” баг нэгдүгээр, Баянгол дүүргийн “ЭЭС” баг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн “Шигтгээ” баг гуравдугаар байрт тус тус шалгарч, Монос группын Ньюверомед компанийн бэлгээр урамшууллаа.
Энэхүү өдөрлөгийн арга хэмжээний талаар оролцогч ахмад настнууд сайхан үйл ажиллагаа боллоо гэсэн сэтгэгдлийг олноор ирүүллээ.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 8-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09
Дементиа буюу Тэнэгрэлийн тухай
2024.10.03
Мэндчилгээ
2024.10.01
“Ахмад настан судлалын хөгжил” геронтологи, гериатрын эрдэм шинжилгээний хурал
2024.09.30