Эрсдэлт хүчин зүйлсийн аюултай хослол буюу бодисын солилцооны хам шинж
Бие биенийгээ нөхцөлдүүлдэг 5 өөр төрлийн шинж тэмдэг нийлээд эрүүл мэндийн эрсдэл үүсгэхийг бодисын солилцооны хам шинж гэж үздэг. Гол шалтгаан нь биед ялгарч байгаа инсулин даавар их болж улмаар инсулин дааврын мэдрэг чанар өөрчлөгдсөнөөс болж бодисын солилцооны хам шинж үүсдэг. Тус хам шинжийг мөн инсулин резистент хам шинж гэж нэрлэж болно. Инсулин их ялгарч, инсулины мэдрэг чанар өөрчлөгдсөнөөр бодисын солилцоонд гарч буй хямралт өөрчлөлт юм. Биед агуулагдах өөхний агууламж ихсэх тусам хүн улам их өлсөж улмаар өлсгөлөнг дарах гэж их хэмжээний хоол идэх нь цусны сахарыг ихэсгэж улмаар нойр булчирхайгаас инсулин даавар их үйлдвэрлэх шалтгаан болдог. Нөгөө талаар идэвхгүй суугаа амьдралын хэв маяг /цахилгаан шат, машин, өдөржин суугаа хөдөлмөр эрхлэх, телевизор үзэх, компьютер дээр удаан ажиллах/ нь идсэн хоолоор авсан илчлэг булчинд энерги болж шатаж зарцуулагдахгүй байснаар илүүдэл илчлэг өөхөн эд болж нөөцлөгдсөнөөр бодисын солилцооны хам шинж үүснэ.
Олон улсын чихрийн шижингийн нийгэмлэгээс 2009 онд гаргасан зөвлөмжид дараах таван бүлэг шинжүүдээс 3 болон түүнээс дээш шинж илэрвэл бодисын солилцооны хам шинж гэж оношлоно. Үүнд:
Төвийн таргалалт (Эрэгтэй 90 см, эмэгтэй 80 см ба түүнээс дээш)
Цусны триглицерид ≥150 мг/дл (1.7 ммоль/л) болон цусны өөх тос бууруулах эм хэрэглэж буй
Их нягттай липопротейд эрэгтэйд 40 мг/дл (1.03 ммол/л), эмэгтэйд 50 мг/дл, (1.29 ммоль/л)-ээс бага эсвэл цусны өөх тос бууруулах эм хэрэглэж буй
Агшилтын даралт 130 ммМУБ, сулралын даралт 85 ммМУБ-аас их болох эсвэл даралт бууруулах эм хэрэглэж байгаа тохиолдол
Захын цусны глюкоз өлөн үед ≥100 мг/дл (5.6 ммоль/л) ихсэх эсвэл чихрийн шижин 2 оношлогдсон
Бодисын солилцооны хам шинжийг бүрэлдүүлж буй 5 өөрчлөлт нь удаан хугацаанд байснаараа чихрийн шижин өвчин тусах, артерийн даралт ихсэх өвчин, артерийн судас хатуурал, зүрхний шигдээс, тархины харвалт, архины бус шалтгаант элэгний өөхлөлт үүсгэх гол хүчин зүйлс болно. Хэрэв бодисын солилцооны хам шинж байна гэж оношлогдвол эрүүл мэндэд учирч болох эрсдэл нь артерийн даралт ихсэх өвчтэй болж улмаар хянагдахгүй, эмчлэгдэхгүй байгаад байвал зүрхний шигдээс, тархины харвалт, зүрхний дутал, бөөрний дутал үүсэх эрсдэлтэй, мөн инсулиний мэдрэг чанар буураад цусны глюкоз өндөр байгаад эмчлэгдэхгүй хянагдахгүй байвал чихрийн шижин өвчин тусч улмаар мэдрэлийн гэмтэл, нүдний гэмтэл, бөөрний гэмтэл үүснэ. Цусны триглицерид их, сайн өөх тосны хэмжээ (өндөр нягтралтай липопротейд) бага байснаар судас хатуурах, элэг өөхлөх шалтгаан болно, төвийн таргалалт нь инсулин дааврын хэмжээ их болж улмаар дотор эрхтэн өөхлөх шинж илэрч инсулин резистент үүсэх шалтгааныг нөхцөлдүүлдэг. Гэхдээ бодисын солилцооны хам шинжийг нөхцөлдүүлж буй дээрх өөрчлөлтүүд нь амьдралын хэв маягийг өөрчилснөөр арилж болох өөрчлөлтүүд байдаг. Өөртөө зориулаад идэж буй хоол хүнсээ өөрчлөх, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг сонгосноор дээрх хам шинжийг бүрэн эмчилж эрүүл мэндэд нөлөөлөх өвчлөлүүдээс бүрэн сэргийлэх боломжтой. Хэвлийн тойргийг хэмжиж төвийн таргалалтыг оношлох хэрэгтэй. Өөх тосны солилцооны үзүүлэлтүүдийг (холестерин, триглицерид, их нягтралтай липопротейд, бага нягтралтай липопротейд), захын цусны сахар болон артерийн даралтыг тогтмол хянуулж өөрт байгаа эрсдэлийг оношлуулан эрсдэлийг багасгахаар төлөвлөн эмчлэх хэрэгтэй. Эмчил гэхээр хүмүүс яг таарсан эмийг нь уугаад л эдгээд гайгүй болгочих гээд эмээр хөөцөлдөөд эхэлдэг. Мэдээж зайлшгүй шаардлага гарвал эмч үзээд зөвлөөд эм уулгана гэхдээ эмнээс илүүтэй амьдралын хэв маяг өөрчлөх л хамгийн зөв хамгийн удаан хугацаанд хэрэглэж болох эрүүл сонголтын эмчилгээ болдог. Даралтын эмээр даралтыг буулгаад барьж болно, сахар бууруулах эмээр цусны глюкозын хэмжээг бууруулж барьж болно, триглицеридийг ч, мөн төвийн таргалалтыг эмээр бууруулаад барьж болно. Харин сайн холестериний хэмжээ эмээр нэг их ихэсдэггүй. Бид дээрх 3-4 төрлийн эмийг хэрэглээд дор хаяж 6 сар ууна гээд бодохоор маш их мөнгө үрэгдэнэ. Бас олон эмийн хэрэглээ эргээд гаж нөлөөтэй байдаг. Иймээс л хамгийн эрүүл сонголтын эмчилгээг бид дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маягийг өөрчлөх гэж боддог. Бодисын солилцооны хам шинж төдийгүй чихрийн шижин өвчний үед хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн нь маш үр дүнтэй байдаг. Дасгал хөдөлгөөн нь дотоод өөх тосыг шатаан түүнийг бууруулснаар инсулин резистентийг бууруулж нойр булчирхайгаас ихээр үйлдвэрлэгдэн гарах инсулины хэмжээг бууруулдаг. Иймээс тогтмол хийх дасгал хөдөлгөөн нь юуны өмнө цусны глюкозын хэмжээг бууруулж өгдөг. Эрүүл зохистой хооллож, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бодисын солилцооны хам шинжтэй тууштай тэмцэж эхэлснээр архины бус шалтгаант элэгний өөхлөлт буурдаг. Эрүүл зөв хооллож эхэлснээр биеийн илүүдэл жинг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой. Үр дүнтэй хоолны дэглэмүүдэд нүүрс ус багасгах өөрчлөх дэглэм ордог. Энэ дэглэм нь хялбар шингэх энгийн нүүрс усны хэрэглээг хорьж, ислэгээр баялаг нийлмэл нүүрс усыг хязгаартай хэрэглүүлэх зарчимд үндэслэгдэнэ. Мөн элэг бөөрний архаг дуталгүй бол уургаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж болно. Ажлын ачаалал бухимдал, стресс нь бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизол дааврын хэмжээг ихэсгэснээр өлсөх мэдрэмж их төрүүлж улмаар их идэх шалтгаан болж бодисын солилцооны хам шинж үүсгэх нөлөө болдог. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж амьдралын идэвхтэй хэв маягтай байх нь маш үр дүнтэй агаарт дасгал /дугуй унах, алхах, ууланд аялах, иог/ хөдөлгөөн их зохимжтой бөгөөд долоо хоногт 25-30 цаг идэвхтэй хөдөлсөн дасгал хөдөлгөөн бодисын солилцооны хам шинжийг эмчилж, биеийн жинг бууруулдаг. Энэ нь долоо хоногт 5-6 өдөр, өдөрт 5 цагаас багагүй дундаж ачаалалтай дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн үг болж байгаа юм. Мөн хийж байгаа дасгал хөдөлгөөний үргэлжлүүлэх хугацааг дасгаад ихэсгэж хийх нь илүү үр дүнтэй байдаг. Хүмүүс заавал тусгай фитнес клубд их ачаалалтай дасгал хөдөлгөөнийг 7 хоногт 2-3 удаа амраад хийсэн жин хасах, бодисын солилцооны хам шинжид илүү их үр дүнтэй гэж буруу ойлгодог. Энэ нь маш их илчлэг шатаах боловч хүнийг их амархан ядраах, залхаах шалтгаан болдог. Иймээс их ачаалалтай, үечлэлтэй дасгал хөдөлгөөн бол дасгалжаагүй бодисын солилцооны хам шинжтэй өвчтөнд огтхон ч зохимжгүй байдаг. Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж эхэлснээр стресс бухимдал тайлагдана, биеийн жин буурснаар илүү залуу илүү эрч хүчтэй харагдана, ядартал булчингаа хөдөлгөснөөр нойр сайжирна, биеийн жин буурснаар өвдөг өвдөх зовуургүй болно гэх мэт олон давуу талуудтай.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09