ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Насжилтын зуунд хэрхэн эрүүл урт наслах вэ?

Насжилт бол хүний амьдралын зайлшгүй  үргэлжлэл  юм. Эрүүл амьдралын чанартай урт наслахад амьдралын хэв маяг,  дасгал хөдөлгөөн нөлөөтэй байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээр хүч, тэсвэр, тэвчээр, хурд, уян хатан чанар, эрүүл мэндийн байдал сайжирна.  Гэхдээ настнууд дасгалын ачааллыг зөв тохируулах нь чухал юм.

Хүн амын насжилт

Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж байна. Дундаж наслалт дэлхийн нийт хүн амын дунд нэмэгдэж байгаа ч улс орон бүрд харилцан адилгүй байгаа билээ. Жишээ нь Япон улсын хүн амын дундаж наслалт дэлхийд хамгийн урт буюу 82.2 байхад Африкийн хэд хэдэн улсуудад хүн амын дундаж наслалт нь үүний талтай тэнцэж байна. Хүмүүс өмнөхөөсөө урт насалдаг болсон болохоор эрүүл амьдарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг ихэсгэхгүй байх нь чухал болоод байгаа юм. Саяхан хийгдсэн судалгаанаас харахад хүн амын дунд настны эзлэх хувь өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа дүн гарчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр 2025  он гэхэд настны тоо 780 сая давах урьдчилсан таамаг  байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлснээр 1950 онд 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь нь 8 байжээ. Харин 2050 он гэхэд настны эзлэх хувь дэлхий нийт хүн амын 21 хувийг эзлэх тооцоо байна. 2002 оны байдлаар 60 ба түүнээс дээш настны тоо  629 сая байсан бол 2050 он гэхэд 2 тэрбум хүрэх төлөвтэй байгаа билээ. Эдгээр мэдээ баримтаас харахад ирэх 25 жилд хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэхээр байна. Тэр дундаа  80 ба түүнээс дээш настны тоо хурдацтай нэмэгдэж 60 ба түүнээс дээш настай хүн амын 12 хувийг энэ наснынхан эзлэнэ гэсэн тооцоо гарсан.

Хөгжиж байгаа орнуудоос илүү өндөр хөгжилтэй орнуудад хүн амын насжилт эрчимтэй явагдаж байна. 2025 онд  60 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо ойролцоогоор 1.2 тэрбум байх бол 2050 онд 2 тэрбумд хүрч эдгээр настнуудын 80 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад амьдрах ажээ.

Настны тоо нэмэгдэж байгаа ч 85-аас дээш насныхан жилд 4 хувиар нэмэгдэж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү урт насалж байгаа билээ. 2050 он гэхэд хүн амын насжилт 22 жилээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Хорин нэгдүгээр зуунд өндөр хөгжилтэй орны нэг чухал асуудал бол хүн амын насжилт болоод байна. Настнуудад нийгмийн байр суурь  өөрчлөгдөх, тэтгэвэртээ гарах, гэр бүлд нь өөрчлөлт гарах зэрэг нь алдар хүндэд нь нөлөөлж болдог. Мөн шинэ зүйл сурах, сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэн бодох чадвар гэх мэт хувь хүний орчиндоо дасах сэтгэлзүйн байдал өөрчлөгддөг байж болох юм.

Идэвхтэй байдал нь эрүүл насжихад маш чухал. Нийгэмд тодорхой хэмжээний үүргүүдийг хүлээж үйл ажиллагаанд оролцож байгаа настнууд илүү аз жаргалтай амьдардаг. Насжилтын үйл явцад тухайн хүний удмын хүчин зүйлээс гадна орчны хүчин зүйлүүд нөлөөлнө. Насжилтанд нөлөөлдөг эерэг болоод сөрөг нөлөө байдаг. Сөрөг нөлөөлөлд нь ядуурал, нийгмээсээ тусгаарлагдах, ганцаардах, өвчлөх, бусдаас хараат болох орно. Харин эерэг нөлөөлөл нь эрх чөлөө, эдийн засгийн тогтвортой байдал, чөлөөт цаг ихтэй, хөгжих бүтээх боломжтой байх юм. Ихэнх настнууд эрүүл, эрч хүчтэй хэвээрээ байдаг нь баримтаар нотлогддог. Настнууд амьдралын аливаа бэрхшээлд илүү уян зөөлөн ханддаг болсон байдаг ба энэ нь тэднийг сэтгэл гутралд орохоос сэргийлдэг байна.

Гэхдээ хүний бие махбод 40 нас хүртэл хөгжөөд түүнээс хойш тогтвортой байж байгаад 60 наснаас буурч эхэлдэг. Гэхдээ энэ үйл явц хүн бүрт өөр өөр байх ба хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Ихэнх настнууд амьдралынхаа энэ мөчид шинэ авьяас, шинэ сонирхолоо нээж илрүүлдэг ажээ. Амьдралдаа олж авсан туршлага нь тэднийг орхидоггүй. Гэр бүлийн эрэгтэй эмэгтэй настнууд энэ насандаа бие биенийгээ илүү их хайрлах хэрэгтэй. Нэг оронд унтах, хамтдаа зугаалах, дасгал хийх зэргийг  эрхэмлэж аль болох бие биенээсээ хол удаан байхгүй байх нь чухал байдаг. 

Ихэнх настнууд тэтгэвэрт гарсан чөлөөт цагаа ашиглан суралцаж шинэ мэдлэг олж авдаг байна. Жишээ нь компьютер дээр ажиллаж сураад интернетийн орчноос шинэ мэдлэг олж авах гэх мэт. Нөгөө талаар настнууд нас барахаас айж сэтгэл түгшилттэй явах магадлалтай. Гэхдээ аль болох эрүүл байж, хүсэл сонирхолтой байх нь чухал юм. Амьдралын энэ нэгэн шинэ үед эрүүлээр дасан зохицож өөрийгөө шинээр нээж, шинэ зорилтуудыг тавьж, нийгмийн оролцоогоо ихэсгэж шинэ чөлөөт цагуудыг зөв ашиглаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх хэрэгтэй. Учир нь та улсдаа аль хэдийн хийж бүтээх зүйлээ хийсэн учраас огт ажил хийхгүй зүгээр суусан ч амьдрах боломжийг хангаж сар бүр тэтгэвэр олгож байгаа ба өглөө бүр ажилдаа явна, амин зуулгаа олохын тулд даргын аашыг тэвчинэ,  хамт олон дунд үүсэх сөрөг уур амьсгалыг аргалах гэж царайчлах гэх мэт ажлаас үүдэлтэй аливаа асуудлаас ангид тул  юу хүссэнээ хийж аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдсэн амьдралын үе гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм. Юу хүссэнээ гэдэгт ахмад үеийн үлгэр дуурайлал болсон эрүүл зан үйлүүд л багтах билээ.

Архи, тамхины хэрэглээ, өвчлөл, амьдрах орчны таатай бус байдал, нийгмийн оролцоо хязгаарлагдах, эрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй байх, хөдөлгөөний идэвхигүй байдал зэрэг нь настны чадвар алдагдлыг аажмаар нэмэгдүүлж болно. Харин эсрэгээрээ дасгал, идэвхтэй хөдөлгөөнөө үргэлжлүүлж, эрүүл зөв хоол хэрэглэж урам зоригтой, хүсэл мөрөөдөлтэй, аз жаргалтай, зорилготой байснаараа илүү идэвхтэй насалдаг ажээ. Үүнээс үзвэл хэрхэн өндөр наслах нь настнаас өөрөөс нь ихэнхдээ хамаардаг байна.

Бэлтгэсэн: их эмч Б.Эрдэнэчимэг,М.Эрдэнэхорол
(Геронтологийн үндэсний төв)


Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556