“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ” САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй “Эрүүл насжилтыг дэмжих” сэлбар дундын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Геронтологийн үндэсний төв, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн бус байгууллагын 41 төлөөлөл оролцсон. Уулзалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын М.Цогтбаатар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улсад дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл насжилт хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзагас нар нээж үг хэллээ. Тус уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Баруун эргийн бүсийн Эрүүл насжилтийн хөтөлбөрийн ахлагч Др Микико Канда Дэлхийн хүн амын насжилтын цаашдын хандлага, Эрүүл насжилтын стратеги, төлөвлөгөө, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар Монгол улсын хүн амын насжилт өнөөгийн байдал, цаашдын хандлага, ахмад настны талаар төрийн баримталж буй бодлогын баримт бичиг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан Монгол улсын ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Геронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Р.Даваадорж Монгол улсын Эрүүл насжилтыг дэмжих арга хэмжээний дунд хугацааны төлөвлөгөөний төсөл, Др Април Сивон Лий Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, туршлагууд, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний журмын танилцуулгыг хийсэн. Энэхүү ууллзалт хэлэлцүүлгээр доорх агуулгын дор мэдээллүүдээр санал солилцсон.

Нэгдсэн Үндэстний байгууллагын чуулганаас 2021-2030 оныг насжилтын 10 жил болгон зарласан. Дэлхийд 65 ба түүнээс дээш насны 700 сая гаруй хүн амьдарч байгаагаас 240 сая нь Номхон Далайн Баруун Эргийн бүсэд амьдарч байна. Хүн амын дунд ахмад настны эзлэх хувь өссөөр 2050 он гэхэд энэхүү тоо 2 дахин нэмэгдэхээр байна.

Монгол улсын хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар 71.5 нас байна. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ.

2016 онд ДЭМБ-ын чуулганаас Насжилт ба эрүүл мэндийн дэлхийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ нь ахмад настны эрхийг хамгаалан үзэл баримтлал, нотолгоонд тулгуурлан настнуудын боломжийг дээшлүүлэх зорилготой. Улмаар 2020 оны 8 дугаар сард ДЭМБ-ын чуулганаас Эрүүл насжилтын төслийг баталсан. 2020 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Эрүүл насжилтын 10 жил (2021-2030) үзэл баримтлал, төлөвлөгөөг баталсан. НҮБ-ын энэхүү санаачилга нь настнуудтай хамтарч тэдэнд зориулсан дэлхийн, бүсийн, улс үндэстний болон орон нутгийн хэмжээнд бодлогыг уялдуулах, зохицуулах чиглэлийг заасан.

ДЭМБ-аас гаргасан “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний алсын харааг хэрэгжүүлэх 5 зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэлэлцүүлж байна.

Мөн хөгжингүй орнуудын ахмад настны чиглэлээр төрөөс хэрэгжүүлж бодлого, туршлагууд, Дэлхийн болон Монгол улсын хүн амд насжилтын нөлөөллийг хэрхэн үнэлж салбар дундын оролцоонд тулгуурласан бодлогын баримт бичиг боловсруулах талаар санал солилцсон.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.