Ахмадын үндэсний чуулга уулзалт

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор “АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Уг уулзалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ахмадын хороо, зөвлөл төрийн болон төрийн бус байгууллагын ахмадын байгууллагын төлөөлөгчид 900 гаруй ахмад настан оролцлоо.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэнд, эм хангамжийн бодлого чиглэлийн тухай тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.

Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болсон бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар оролцов. Энэхүү панел хэлэлцүүлэгт яригдсан асуудлын талаар ахмадын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлсэн. Панелд оролцсон гишүүд ахмад настнуудын тавьсан асуултад өөрсдийн чиг үүргийн дагуу хариултууд өгсөн.

Үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулав. Түүнчлэн ахмад настны эрхийг хамгаалах, хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийсэн.

Энэхүү чуулга уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд, Геронтологийн үндэсний төвийн дэд захирал, албадын дарга, эмч мэргэжилтэн 7 хүн, нийслэл, дүүрэг, тусгай мэргэжлийн төвийн ахмадын эмч мэргэжилтэн 10 гаруй төлөөлөгчид оролцлоо. Бидний өмнө тулгараад байгаа Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг ашиглалтад өгөх асуудал, ахмад настны мэргэшүүлсэн эмч мэргэжилтний хомсдолыг арилгах, эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн системд ахмад настны насны ангилалыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зэрэг асуудлуудыг чуулга уулзалтыг зохион байгуулах комиссоос зөвлөмж болгосон QR код бүхий санал асуулгад илгээсэн. Тус чуулга уулзалтаар ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлого чиглэлийн өөрчлөлтийн тухай, ахмад настны цогц тусламж үнэлгээ хийх, ахмад настны цогц тусламж үнэлгээ, үйлчилгээ хийх журмуудын талаар тус тус ойлголт авсан ач холбогдолтой чуулган боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.