ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Геронтологийн үндэсний төв нь насжилт, настны эмгэг судлалын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг (цаашид “Төв” гэх) байна.
  • Төв нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Ахмад настны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Иргэний, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  • Төв нь үндэсний болон салбарын хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөгөөтэй уялдуулсан байгууллагын стратеги төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар Эрүүл мэндийн сайдаар батлуулж, хэрэгжүүлнэ.
  • Төв нь “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай, төвийн нэрийг англиар “National Center for Gerontology” гэж орчуулна.
  • Төв нь албан ёсны цахим хуудастай байна.
  • Төв нь холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, санхүүгийн харилцах данстай байна.

Хоёр. Төвийн алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим

  • Алсын хараа

            Эрүүл, идэвхтэй насжилт хүн бүрийн ирээдүй.

  • Эрхэм зорилго

            Монгол хүний эрүүл, идэвхтэй насжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, настанд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар үйлчлүүлэгчийг дээдэлсэн, мэргэшсэн хамт олныг бүрдүүлэхэд оршино.

  • Үйл ажиллагааны зарчим
    • Хүний эрх, нэр төрийг хүндэтгэн, хувь хүний нууцыг чандлан хадгалах;
    • Үйлчлүүлэгчийг дээдлэх, тэгш хандах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх;
    • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аюулгүй чанартай, үзүүлэх;
    • Инновац, шинэ технологийн дэвшлийг эрэлхийлэгч байх;
    • Эрдэм шинжилгээ, судалгаанд тулгуурлах
    • Ил тод, нээлттэй байх;
    • Ёс зүй, шударга ёсыг дээдлэх;