“Геронтологи, гериатрийн хөгжил – 20“ сэдэвт
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай
Монгол улс Геронтологийн салбарыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн бие даасан статустай байгуулсанаар өнөөдрийг хүртэл настан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх, настны чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, настан судлал, хүн амын насжилттай холбоотой стандарт, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх зэргээр үйлчилгээ үзүүлсээр ирсэн 20 жилийн ой тохиож байна. ДЭМБ-ын “Эрүүл насжилтын Арван жил 2020-2030” суурь нөхцөл байдлын тайланд 60 ба түүнээс дээш насны хүн амын асуудалд анхаарч, үндэсний төлөөлөх чадвартай судалгаа, дүн шинжилгээ хийж нотолгоо цуглуулах, хэрэгжүүлэх боломжийг үнэлж үр дүнг практикт нэвтрүүлэх, учирч буй саад бэрхшээлийг даван туулах шаардлагатайг онцолсон байна. Геронтологийн үндэсний төв нь настан хүн амд чиглэсэн тусламж үйлчилгээг үзүүлэх геронтологи, гериатрийн салбарыг дэлхийн шинжлэх ухааны чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжүүлэх, нотолгоонд суурилсан бодлого, анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор жил бүр настан, настны эмгэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Геронтологи, гериатрийн хөгжил – 20“ сэдэвт Олон улсын хурлыг ЭМЯамны дэмжлэгтэйгээр АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Монголын насжилт судлал, настны эрүүл мэнд судлалын нийгэмлэгтэй хамтран Олон улсын хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 25-26-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү хурал Монгол улсад ахмад настны тусламж, үйлчилгээнд Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар, журам шинэчлэгдэн, шинэ төрлийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлж буй цаг үед зохион байгуулагдаж байгаа нь онцлог байна. Ахмад настны тусламж, үйлчилгээнд салбарын дундын оролцоонд тулгуурлан ОУ-н байгууллагын заавар, зөвлөмжийг тусган зөв оновчтой, ахмад настныг эрүүл идэвхтэй, оролцтоотой наслахад дэмжлэг үзүүлж буй үр дүн, ОУ-н туршлага, насжилтын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний тайлан, илтгэлийг хэлэлцүүлж, хурлын санал, зөвлөмжийг бодлогын баримт бичиг, эмч, мэргэжилтэн судлаач нарыг дэмжихэд оршино.